Өнөөдөр олны анхаарлыг татсан зарим хэргүүд шүүхээр хэлэлцэгдэх гэж байна. Өнөөдрийн хурлаас тэдгээр хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэх, мөрдөн байцаалтад буцаах эсэхийг шийдвэрлэнэ.
Хотын экс засаг дарга, Монгол улсын баатар Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэнэ. Хотын экс дарга Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай, Т.Гэрэлт-Од, Ш.Ганхуяг, Д.Жаргалсайхан, Б.Мөнхтөр, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Ё.Гэрэлчулуун, Д.Оюунжаргал нарын бусдын хөрөнгө завших, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хээл хахууль авах зэрэг зүйл ангиар зүйчилжээ.
Зам тээврийн хөгжлийн яамны байранд болсон хүн амины хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжүүлжээ. Урьдчилсан шатны хэлэлцүүлэг өнөөдөр болохоор товлогдсон байна.
Хэргийг сануулахад, хэрэг гардаг өдөр шүүгдэгч Б.Махбал нь Зам, тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн Ч.Ганбаярын хамт яамны байрандаа архи уужээ. Энэ үед талийгаач маргаашнаас нь ээлжийн амралтаа авах тул өрөөндөө ажлаа цэгцэлж байсан байна. Б.Махбал талийгаачийг өрөөндөө хэд хэдэн удаа дуудуулан ирүүлж улмаар зодож амь насыг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн хоригдоод байгаа юм.
Сэжигтэн Б.Махбал нь хохирогчийг өшиглөж, цохисноос болж амиа алдсан тухай мэдүүлсэн байдаг.
Хэрэгт Б.Махбалаас гадна тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Лхагвасүрэнг яллагдагчаар татан шалгаж байгаад батлан даалтад гаргаж, Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид цагдан хорьсон хэвээр байна.