УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын гишүүд өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх хуулийн төслийг өргөн барих талаараа мэдээлэл хийснээс хойш хоёр дахь удаагаа хэвлэлийнхэнд хандлаа. Тэд энэ удаад “Эрдэнэт”-ийн 49%-ийг Сингапурын компанид худалдах гэж байгаа талаар баримт дэлгэлээ. Үүнийгээ УИХ-ын дарга ажлаасаа чөлөөлөгдөх хугацаатай холбон хардаж байгаагаа ч хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Монголын зэс корпорацийн ТУЗ хуралдаж, “Эрдэнэт”-ийн 49 хувийг Сингапурын компанид худалдах шийдвэр гаргасан талаар мэдээлэл бидэнд ирлээ. Нэргүй мэдээлэл ирсэн. Цагаан сарын өмнө энэ асуудлыг шийдэх гэж байгаа нь хардлага төрүүлж байна. Стратегийн энэ ордыг УИХ-аар хэлэлцэхгүй ОХУ-аас худалдаж авсан байсан. Энэ мэдээлэл үнэн бол дахиад баяр давхацсан шийдвэр гарч магадгүй байна. Өнөөдөр энэ асуудлаар Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдад асуулт тавина. Хариултаа та бүхэнд мэдээлэх болно” гэлээ.