АНУ-ын Төрийн Департамент өнгөрсөн жилээс эхлэн Монгол улсын иргэнд тус улсад ажиллах эрхтэй H-2 визийг олгож эхэлсэн. Монгол улсын иргэдэд олгож буй уг визний зөвшөөрөл 2019 оны 1 дүгээр сарын 17 хүртэл хүчинтэй байсан аж. Ийнхүү визний хугацаа дууссантай холбогдуулан АНУ-ын Засгийн газраас H-2 визнийхээ хугацааг дахин нэг жилээр сунгах шийдвэр гаргасан гэж Монгол улсаас АНУ- д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр мэдээллээ.
Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны Тэргүүн консул Жейсон П.Спелберг “Уг визний хугацаа дээд тал нь нэг жилээр хүчин төгөлдөр мөрдөгддөг. Гэхдээ тухайн ажиллах хүчин сайн ажилласан тохиолдолд 3 хүртэлх жилээр визээ сунгаж болдог. Өөрөөр хэлбэл, визний хугацаа нь ажил олгогчийн зүгээс хэдий хугацаанд хэдэн хүн ажиллуулах хүсэлтэй байгаагаас ихээхэн хамааралтай” хэмээн ярьжээ.