Өдөртөө баруун аймгуудын өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах бөгөөд улмаар ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр 23-28 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.