Ази тивийн аварга шалгаруулах “Азийн цом” буюу “AFC Cup” хөлбөмбөгийн тэмцээнд монгол улсыг төлөөлж “Эрчим” баг оролцож байгаа билээ. Тэдний энэ жилийн учраагаар БНАСАУ-ын “Риомион” клуб тодорчээ. Хоёр багийн эхний тоглолт хоёрдугаар сарын 20-ны 14.00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд тоглох бол хариу тоглолт хоёрдугаар сарын 27-ны өдөр БНАСАУ-д болохоор товлогдсон байна.
“Риомион” клуб нь өнгөрөгч онд улсынхаа лигт хоёрдугаар байр эзэлснээр “Азийн цом”-д өрсөлдөх эрхээ авчээ. Энэхүү баг нь улсын шигшээ багийн 23 хүртэлх насны залуусаас бүрдсэн баг аж.
Монголын клубүүдтэй чансаа ойролцоо Зүүн Азийн клубүүд “AFC CUP” тэмцээнд оролцдоггүй учраас “Эрчим” сүүлийн гурван жил дараалан БНАСАУ-ын чансаа өндөр багуудтай сонголтгүйгээр оноолт таарч байгаа юм. Өнгөрсөн жил БНАСАУ-ын “Хэпүл” багтай тоглож байсан билээ.