Өчигдөр Чингэлтэй дүүргийн XIX хорооны нутаг дэвсгэр Шадивлан зусланд шар өвсний түймэр гарчээ. Энэхүү шар өвсний түймэр нь иргэдийн байгальд ил задгай, шатаж дуусаагүй үнс, нурам хаяснаас дэгджээ. Түймрийг нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах 034 дугаар ангитай хамтран шуурхай арга хэмжээ авч түймрийн тархалтыг зогсоож унтраасан байна.
Түүнчлэн ирэх гурав, дөрөвдүгээр саруудад ихэнх нутгаар салхитай, хуурайшилт ихтэй, олон жилийн дунджаас илүү дулаан байх төлөвтэй байгаа тул Ус цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ил задгай гал гаргахгүй байхыг иргэдэд анхаарууллаа.