Зохиолч Габриэль Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал” романыг Netflix дэлгэцийн бүтээл болгох эрхийг авсан талаар өчигдөр мэдээллээ.
Уг зохиолыг анх удаа дэлгэцэнд гаргах бөгөөд испани хэл дээр цуврал кино болгох гэж байгаа талаар тус компаниас мэдээлсэн байна. Харин гүйцэтгэх продюсераар зохиолчийн хөвгүүд болох Родриго Гарсиа болон Гонсало Гарсиа Барча нар ажиллах гэнэ.
Кино зураг авалтыг Колумб улсад хийхээр төлөвлөж байгаа бөгөөд тус бүтээлийн найруулагч болон гол дүрд тоглох жүжигчдийн нэрийг зарлаагүй байна.
Родриго Гарсиа “Бид Netflix болон кино уран бүтээлчдийг дэмжиж буйдаа баяртай байна. Энэ ажлын үр дүнг харахыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ. Тэрбээр “Олон жилийн турш аав маань “Зуун жилийн ганцаардал” зохиолоо дэлгэцийн бүтээл болгох эрхийг өгөхийг хүсээгүй юм. Учир нь энэ түүхийг ганц ангит кинонд багтаах боломжгүй гэж үздэг байсан” гэжээ. Түүнээс гадна зохиолч киног зөвхөн испани хэл дээр хийх ёстой гэж үздэг байжээ.
“Зуун жилийн ганцаардал” (1967) романы зохиолч Габриэль Гарсиа Маркес (1927-2014) 1982 онд утга зохиолын салбарын Нобелийн шагнал хүртжээ. Маркес энэ шагналыг авсан анхны колумб хүн юм.