Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 27 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэ удаагийн хурлаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй Дорнод аймгийн Халхгол сумын төвийг шинэчлэх “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэж, ЗГХЭГ-ын дарга, Эрчим хүчний сайд, Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнг сонсох юм байна.
Мөн Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд өгөх санал дүгнэлт, Монгол, Сербийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ.
Түүнчлэн “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төсөл, Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн стандарт, Боловсролын салбарт хэрэгжиж байгаа концессын зарим төсөл, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын салдаг хэсэг хүртэлх 20.9 км авто замын төслийн талаар мөн хэлэлцэхээр төвлөжээ.