Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Улсын Ерөнхий Прокуророор Б.Жаргалсайханыг томилох саналыг УИХ дахь намын бүлгүүд дэмжсэн билээ. Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Хуульзүйн байнгын хороо авч хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Мөнхбаатар: Б.Жаргалсайхан прокурорыг Ерөнхий прокуророор ямар хугацаанд томилж байгаа вэ. Өмнөх Ерөнхий прокурорын бүрэн эрхийн хугацааг дуустал уу, эсвэл зургаан жилээр томилох уу гэдгийг тодруулав.
ЕТГ-ын дарга З.Энхболд: Зургаан жилээр томилно.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Прокуроруудынхаа чадварыг яаж анхаарах вэ. Цаашид энэ бүрэлдэхүүнээрээ ажиллах бололцоотой гэж харж байна уу. 2011, 2012 оноос хойш шүүх, прокурор цадигаа алдсан. Сүлжээний мөрдөгч, тагнуул, прокурор, шүүгчтэй болсон нь нууц биш. Үүнийг таслан зогсоох шийдвэртэй арга хэмжээ авна гэж найдаж болох уу.Хэрэг таних гэдгийг совингоороо таньдаг аварга прокурорууд байсан. Би тийм хүмүүсийн хажууд хоол хороож байсан. Одоогийн прокуроруудад ур чадвар алга. Үүнийг яах вэ?
Нэр дэвшигч Б.Жаргалсайхан: “9-10 жилийн хугацаанд прокурор залуужсан. Миний насны хүн их бага хувийг эзлэх болсон. Тиймээс прокурорын ур чадварыг нэмэгдүүлэх тал дээр бид дотооддоо, төр засгийн хэмжээнд хүсэлт тавьж шийдвэрлэх асуудал байгаа. Ялангуяа санхүү, эдийн засагтай холбоотой асуудал дээр мэргэшүүлэх асуудал ч бий” гэсэн юм.
Үүний дараа түүнийг Улсын Ерөнхий прокуророор томилохыг дэмжих эсэх асуудлаар санал хураахад Хуульзүйн байнгын хороо 100 хувь дэмжлээ. Одоо түүнийг УИХ-ын нэгдсэн чуулганаар авч хэлэлцэнэ.