Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор 2019 оны 4 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Монголын багш нарын долдугаар их хурлын нээлтийн үеэр Монгол улсын Ардын багш, Гавьяат багш нар шинээр төрлөө. Энэ удаагийн Их хурлаар Хууль эрх зүйн шинэчлэл, Сургалтын бодлого, Багшийн хөгжил, ёс зүй, Багшийн үнэлэмж гэсэн асуудлаар 47 мянга гаруй багшийг төлөөлж 800 багш чуулж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2019 оны дөрөвдүгээр сарын 11-нд 63, 64 тоот зарлиг гаргаж, боловсролын салбарт үр бүтээлтэй ажилласан багш нарын алдар гавъяаг үнэлэн төрийн дээд цол, одон медалиар шагналаа. Монгол Улсад орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага бүрэлдэн тогтсоны 95 жилийн ойг тохиолдуулан, ерөнхий боловсролын зөв төлөвлөлт оновчтой шийдлүүдийг санаачлан хэрэгжүүлэхэд оруулсан өндөр хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Боловсролын их сургуулийн багшийн сургуулийн зөвлөх багш Гончигийн Лхаахүүд Монгол Улсын Ардын багш цол хүртээлээ.
Гавьяат багш цолоор нийслэлийн Тусгай боловсролын 55 дугаар сургуулийн багш Чулуунбаатарын Ганбилэг, хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ЕБ-ийн сургуулийн бага ангийн багш Галсаагийн Гүндэгмаа, Сургуулийн өмнөх боловсролын ахмад багш Пэрэнлэйн Дулмаа, Мэргэжлийн боловсролын сургуулийн арга зүйн төвийн захирал Сэнгээгийн Цээпэл, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүмүүн цогцолбор сургуулийн багш Магсарын Шагдарсүрэн, ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн багш Алтангэрэлийн Эрдэнэбаатар нар шагнагдлаа.