Өнөөдөр Монгол улсад цэргийн дээд цол болох генерал цол олгож эхэлсний 75 жилийн ой тохиож байна. Анх БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгож эхэлсэн байдаг. Анхны генералуудаас Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал цол, есөн офицерт хошууч генерал цол олгож байжээ.
Үүнтэй холбогдуулан жил бүрийн энэ өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэст генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу өнөөдөр эрхэм генералуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ жанжин Д.Сүхбаатарын талбайд явагдлаа. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд БХ-ын сайд Н.Энхболд оролцож Их эзэн хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Түүхэн 75 жилийн хугацаанд Монгол улсад зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нийт 180 гаруй генерал цолтон төрөн гарчээ.