ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам” энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 38 төрлөөр наймдугаар сарын 3-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. “Армейские игры-2019” олон улсын тэмцээн жилээс жилд цар хүрээ нь өргөжин тэлж байгаа бөгөөд дэлхийн цэргийн мэргэжлийн олон төрөлтийг багтаасан томоохон тэмцээний нэг болсон юм.
Энэ жилийн танкийн өнгө шодох арга хэмжээ урьд жилүүдийнхээс илүү онцлогтой болсон хийгээд оролцогч орнуудын танкийн олон улсын шүүгч, ахлагч нар танкийн өнгө, гараагаа тусгайлан бэлтгэсэн тайзан дээр гарч сугалав.
Манай улсаас “Танкийн биатлон” тэмцээний олон улсын шүүгч, хурандаа Ц.Төрмөнх сугалсан бөгөөд улаан өнгийн танкийг сугалсан байна. Монгол улс өнгөрсөн жил мөн улаан өнгийн танкийг сугалан уралдаж, чамгүй сайн амжилт үзүүлсэн билээ. Мөн Сири, Венесуель, Казахстан улсын танкчидтай нэг хэсэгт багтсан бөгөөд наймдугаар сарын 4, 6, 8-ны өдрүүдэд гуравдугаар гараанд гарахаар болжээ.
Энэ жилийн “Танкийн биатлон” тэмцээнд 25 орны танкчид оролцож байгаа бөгөөд тэд өнөөдөр тэмцээн болох “Алабино” гэх газар танкуудаа хүлээн авч үзлэг оношилгоог хийн, уралдах зам маршруттайгаа танилцсан байна.