Маргааш иргэдийн 1072 ширхэг хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болохоор товлогджээ.
Энэ удаагийн хурлаар компанийн 2018 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж, батлах аж.
Компанийн хувьд өнгөрөгч 2018 онд 801.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд үүнээс ногдол ашиг тараах тухай шийдвэрийг ТУЗ-ийн хурлаас гаргасан. Мөн энэхүү хурлаас ногдол ашиг тараахдаа нэгж хувьцаанд 25 төгрөг олгох шийдвэрийг ч гаргасан билээ. Тэгвэл маргаашийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар ТУЗ-ийн шийдвэрийн дагуу ногдол ашиг тараах эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм.
Хэрэв нэгж хувьцаанд 25 төгрөг олговол 1,072 ширхэг хувьцаатай иргэн бүр 26,800 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ гэсэн үг. Үүнээс 10%-ийн татвараа хассанаар иргэдийн бүрт 24,120 төгрөг оногдоно.