Нийслэлийн Онцгой байдлын газарт 2019.06.08-ны өдөр буюу өнгөрөгч бямба гаригт гал гарсан гэх хоёр дуудлага иржээ.
Тухайн өдрийн 12:30 цагт “И Март” худалдааны төвд гал гарлаа гэсэн дуудлага анх иржээ. Дуудлагын дагуу гал түймэр унтраах, аврах 10 дугаар баг очиход тус төвийн нэг давхарт гал гарч байсан бөгөөд утаажилт ихтэй байсан байна. Аврах ангийн 20 гаруй албан хаагчид ажиллаж 21:00 цагт утаажилтыг саармагжуулж, аюулгүй болгосон байна.
Тухайн галын дүгнэлт одоогоор албан ёсоор гараагүй ч урьдчилсан байдлаар цахилгааны утаснаас үүссэн байж болзошгүй. Энэ талаар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа Д.Мөнхсайхан “Галын шалтаан 14 хоногийн дараа гарна. “И-Март” худалдааны төвийн нэг давхарт гарсан гал харьцангуй бага, утаажилт их байсныг саармагжуулж бүрэн унтраасан. Тус төвд галын улмаас шатсан зүйл бага, цахилгааны болон кабелийн утаснууд шатсаныг унтрааж аюулгүй болголоо. Хүний амь нас эрсдээгүй, гараашт байрлуулсан автомашинуудыг гаргаж гал түймрийн эрсдэлээс сэргийлсэн” гэлээ.
Гал унтраах аврах ангийн алба хаагчдыг очиход тус худалдааны төвөөс иргэдийг гаргасан байсан тул хүний амь нас эрсдэх, бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй аж.
Мөн энэ өдөр Баянзүрх дүүрэгт байрлах “Өнөр бүл” асрамжийн газарт гал гарчээ. Үүний улмаас нэг хүүхдийн биеийн байдал ихээхэн хүнд байгаа аж. Энэхүү асрамжийн төвд 190 гаруй хүүхэд амьдардаг бөгөөд гал гарсан хэсэгт 12-18 насны 70 орчим хүүхэд байсан байна. Энэхүү ослын дуудлагаар ирсэн Онцгой байдлын аврагчид хүүхдүүдийг аварч, есөн хүүхдийг яаралтай тусламжийн төвд хүргэжээ.
Энэхүү асрамжийн газарт гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд дүгнэлт нь 14 хоногийн дараа гарах аж.