Монгол улсын болон Бруней Даруссалам улсын хөлбөмбөгийн шигшээ багууд 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийн сонгон шалгаруулалтын эхний шатанд таарч тоглож байгаа билээ.
Хоёр багийн эхний тоглолт Монгол улсын талбайд болж 2:0-ийн харьцаатайгаар манай залуус ялалт байгуулсан. Хоёр багийн эхний тоглолтын 11 дэх минутанд багийн ахлагч, зүүн жигүүрийн хамгаалагч Н.Цэдэнбал торгуулийн цохилтоос гоол оруулж, багтаа тэргүүллийг авчирсан бол 69 дэх минутанд баруун жигүүрийн хагас хамгаалагч С.Ганхуягийн дамжуулалтаар довтлогч Н.Наранболд гоол оруулж тоглолтыг өндөрлүүлсэн билээ.
Тэгвэл өчигдөр хоёр багийн хариу тоглолт Бруней Даруссаламын талбайд хийгдэж, цааш урьдчилсан шатанд тоглох баг тодорлоо. Энэ удаагийн тоглолтод өрсөлдөгч багийн тоглолт өмнөхөөс илүү ширүүсч, тоглолтын эхний үед тооны харьцааг 2:0 болгоод байсан юм. Харин тоглолтын хоёрдугаар үеийн эхэнд Брунейн тоглогч манай тоглогчийг өөрийн торгуулийн талбайд татан унагааж торгуулийн цохилт хийх эрхийг олгосон юм. Энэхүү торгуулийн цохилтыг багийн ахлагч Н.Цэдэнбал амжилттай гүйцэтгэж тоглолтын оноог 2:1-ийн харьцаатай болгожээ.
Үүнээс хойш манай багийн хамгаалалт сайжирч өрсөлдөгчдөө дахин гоол алдалгүй тоглолтыг өндөрлүүлсэн байна. Хэдийгээр өрсөлдөгчийн талбайд 2:1-ийн харьцаатай хожигдсон хэдий ч нийлбэр дүнгээр 3:2-ийн харьцаатай Монгол улсын шигшээ баг ялалт байгуулж урьдчилсан шатанд тоглох эрхийг анх удаагаа авлаа.