Элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор АНУ-ын Калифорниагийн дэргэдэх их сургуульд хэвтэн эмчлүүлж байгаа О.Дөлгөөний биеийн байдал хүнд байна.
Тэрбээр NBA-ын финалын тоглолтыг үзэхээр зургадугаар сарын 12-ны өдөр АНУ-ыг зорьсон юм. Гэвч маш хүнд хэлбэрийн элэгний Б вирус авч улмаар элэгний дутмагшил буюу элэгний комд орж биеийн байдал нь хүнд байна. О.Дөлгөөнөөг аврах ганц боломж нь элэг шилжүүлэн суулгах арга байгааг мэргэжилтэнүүд хэлжээ. Түүний хувьд АНУ-д очсон хойноо салхин цэцгийн халдвар авсан учир дотор эрхтнүүд нь эхнээсээ ажиллагаагүй болж одоогоор бөөрний үйл ажиллагааг дэмжих аппаратанд ороод байна.
АНУ-д донор шаардлагатай өвчтөний жагсаалтад орсон ч одоогоор хэзээ донор олдох нь тодорхой бус байна. Түүний гэр бүлээс донор болох хүсэлт гаргасан ч АНУ-ын хуулиар амьд хүнээс донор авахгүй гэсэн хариуг өгчээ.
О.Дөлгөөн 2019 оны оюутны лигийн аваргын шагнал болох NBA-н финалын тоглолтыг үзэхээр АНУ-ыг зорьсон ч биеийн байдал нь гэнэт муудаж, хүнд хэлбэрт ороод байна.
2018-2019 оны сагсан бөмбөгийн оюутны лигийн тэмцээнд эрэгтэй 40 баг өрсөлдөж, “Этүгэн Ирвэсүүд” баг аваргын алтан медалийг хүртсэн. Тус багийн тоглогч О.Дөлгөөн финалын үнэ цэнэтэй тоглогч болж, NBA-ийн тоглолтыг үзэх эрхтэй болсон юм.
2018 оны Дээд лигийн плей-оффт “Хас” –“Этүгэн” багууд таарч цувралын дөрөв дэх тоглолт болсон. Уг тоглолтод “Хас” хожиж цааш өрсөлдөх эрхээ авсан ч О.Дөлгөөн их тааруу тоглож байснаа тухайн үед хуучилж байв. Гэхдээ тэр энэ жил оюутны лигийн шилдэг нь болсон.
Олон нийтийн сүлжээнд О.Дөлгөөнд туслах аян өрнөж байгаа бөгөөд та нэгдэхийг хүсвэл #Pray4Dulguun тэмдэглэгээг өөрийн цахим хуудаснаа байршуулж болох юм.