Энэ өдрүүдэд Швейцарийн Лозанн хотноо хуралдаж буй Олон улсын Олимпийн хорооны хуралдааны үеэр Ерөнхийлөгч Томас Бах 2026 оны өвлийн олимпийг зохион байгуулах хотыг зарлалаа. Энэхүү эрхийн төлөө Японы Саппоро, Швейцарийн Сион, Канадын Калгари, Австрийн Грац, Шведийн Стокхолм-Оре болон Италийн Милан-Кортина хотууд өрсөлдсөн юм. Харин энэхүү нэр дэвшигчдээс шалгаруулалтын эцсийн шатанд Шведийн Стокхолм-Оре болон Италийн Милан-Кортина хотууд тунаж үлдээд байсан билээ.
Ийнхүү ОУОХ-ны 134 дүгээр чуулганы эхний өдөр санал хураалтад 82 гишүүн оролцсоноос 47 гишүүн нь Италийн Милан-Картина хотуудад санал өгч 2026 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрхийг олгосон юм.
Өвлийн олимпийн тэшүүр болон хоккейн тэмцээнүүд Милан хотноо, уулын цанын ихэнх тэмцээнийг Кортина сувиллын хотхонд явуулахаар төлөвлөжээ. Бусад цасны төрлийн тэмцээнийг Бормио, Ливиньо хотууд зохион байгуулна. Италийн Кортина хот бол 1956 оны цагаан олимпийг хүлээн авч байсан туршлагатай хот юм. Мөн 2006 онд Италийн өөр нэгэн хот болох Туринд мөн өвлийн олимп болж байсан билээ.