АНУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний биеийн байдлын талаар түүний найз охин өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулж биеийн байдлын нь талаар мэдээлэл өглөө.
Тэрээр цахим хуудастаа “Өнөөдөр гэдэг өдөр өнгөрч өгөхгүй зовлонд бүдчиж, маргааш гэдэг өдөр байгаа болов уу гэх бодолтой, цагаар биш минут секундээр хэмжигдсэн айдастай хүндхэн өдрүүдийн ард гарч өнөөдөр нүдээ нээж, амьсгалын аппаратаа салгуулсан баяртай мэдээтэй өглөөг угтлаа.
Хэдийгээр ухаан санаа нь хэвийн биш, 24 цагаар бөөрний диализын аппаратаар бөөр орлуулсан, элэг нь ажиллагаагүй, дахин амьсгалын аппарат залгаж магадгүй маш хүнд байдалтай байгаа хэдий ч өнөөдөр болсон энэ өөрчлөлтүүд Та бүхний хайр шингээсэн бодлын хүчээр бий болсон юм шүү. Үрс бүхэн эрүүл байх болтугай. Та бүхэндээ маш их баярлалаа” хэмээн бичжээ.
О.Дөлгөөний эмчилгээний зардалд хандив цуглуулах зорилгоор Монголын сагсан бөмбөгийн шилдэг багууд болох “Хасын хүлэгүүд”, “Ховд шонхорууд”, “Алдар танан гарьд”, “Архангайн дайчид” багууд одоо 18:00 цагт Спортын төв ордонд хандивын тоглолтоо хийх гэж байна.