Өнгөрөгч даваа гаригт ОХУ болон Норвеги улсын хооронд орших Баренцийн тэнгист судалгаа хийж явсан “Лошарик” гэх шумбагч онгоцонд гал гарч улмаар тэнгисийн флотын 14 далайчин амиа алдсан билээ. Урьдчилсан байдлаар тус онгоцны аккумляторын хэсэг орчимд гал гарч улмаар багийн гишүүд утаанд нь угаартан нас барсан гэж дүгнэж байгаа юм.
Энэхүү ослын талаар мягмар гаригийн орой ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу олон нийтэд мэдээлж, тус онгоцонд “Улсын баатар” цолтой хоёр, тэнгисийн флотын өндөр албан тушаалтай долоон хүн явж байсныг мэдэгдсэн хэдий ч яг хэдэн хүн судалгааны багт байсныг тодорхой хэлээгүй юм.
Уг осол болсонтой холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин амиа алдсан далайчдын дөрөвт нь “Улсын баатар” цолыг, үлдсэн арван хүнд “Эр зоригийн одон” нөхөн олгохоор шийдвэрлэсэн байна.
Мөн тус ослын талаар албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан хэдий ч уг шумбагч онгоцонд цөмийн реактор байсан болохыг хүлээн зөвшөөрсөн билээ. Гэхдээ уг цөмийн реакторууд галд өртөөгүй бөгөөд шумбагчийг сэргээн засварласны дараа дахин ашиглана хэмээн мэдэгдсэн юм.