Индонезийн Ява арлын Бербес гэдэг газар энэ эмгэнэлт хэрэг явдал гарчээ. Зарим нэг мэдээллээр бол 20-35 цаг үргэлжилсэн аймшигтай бөглөрөлд 18 хүн таалал төгсчээ. 1000 гаруй жолооч замын бөглөрөлд бүтэн нэг хоногийг өнгөрүүлсэн аж. Энэ бүс нутгийн ерөнхий эмч Шри Гунади Парвоко 12 жолооч туйлдсаны улмаас нүд аньсан бол тав нь бөглөрөл дунд үүссэн зам тээврийн ослоос болж нас барсан гэдгийг мэдээлэв. Өөр нэг хүний үхлийн шалтгааныг тогтоож чадаагүй гэнэ. Хэт халуун болон усгүйдсэний улмаас өөд болсон хүмүүсийн архаг хууч өвчин хөдөлсөн аж.
Харамсалтай нь, эмч нар тусламж эрсэн хүн бүрт хүрч чадаагүй юм. Тэд мотоцикл хөлөглөсөн ч бөглөрөл дэндүү шигүү байсан учраас цааш нэвтэрч чадаагүй гэнэ. Энэ бөглөрөл үүссэн шалтгааныг тодорхой мэдээлсэнгүй. Тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо бүс нутгийн захиргаанаас энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааг яаравчлан хийхийг шаарджээ. Хөндлөнгийн шинжээчид энэ бөглөрөл Ява арал дээр төлбөртэй замууд хэт олон байдаг учраас үүссэн гэдгийг онцлов. Арлын оршин суугчид лалын шашинтнуудын ариун сар болох Рамадан дууссан явдлыг тэмдэглэхээр үй олноороо хөдөлгөөнд оролцсон ч төлбөртэй замын нэвтрүүлэх цэгүүд дээр үүссэн урт дараалалд гацаж орхисон гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn