Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлэх зорилго бүхий \”Монгол хуушуур-2016” фестивалийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Фестивалийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Монголын Тогооч нарын холбоо тус тус хамтран зохион байгуулжээ. Фестивалийн үеэр \”Хамгийн өвөрмөц хуушуур”, \”Хамгийн амттай хуушуур”, \”Хамгийн цэмцгэр асар” гэсэн 3 номинацаар шалгаруулалт явуулсан байна. \”Хамгийн өвөрмөц хуушуур”-аар Дулааны 4-р цахилгаан станц ТӨХК-ийн хоолны газар, Төгс 4 эрдэм ХХК-ийн хоолны газар, \”Хамгийн амттай хуушуур”-аар Гал хувь ХХК, Иргэн В.Цэцгээгийн хийсэн хуушуур, \”Хамгийн цэмцгэр асар”-аар: Бодьмадмаараг ХХК-ний асар, Сант асар ХХК-ний асар тус тус шалгарлаа. Наадамчин олны дунд монгол ахуй, монголын түүх, монгол наадмын талаарх мэдлэгийг олгох танин мэдэхүйн \”АХА” тэмцээнийг зохион байгуулж оюун ухаан, авхаалж самбаагаа сорьж түрүүлсэн оролцогчийг шагнасан байна. Мөн \”Хэн хуушуурын гурилыг хурдан элдэх вэ”, \”Хэн хамгийн олон хуушуур идэх вэ”, \”Хэн хамгийн олон төрлийн хуушуур чимхэх вэ” зэрэг олон төрлийн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж оролцогчдыг аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний асраар үнэгүй үйлчлүүлэх эрхээр урамшуулжээ.