Өнөө өглөө Хязаалан насны хурдан морьдын уралдааны үеэр хасагдсан морьдын уяачид шалгахгүйгээр хасаж байна хэмээн ихээхэн бухимдалтай байсан билээ. Үүнтэй холбогдуулж Улсын баяр наадмын хурдан морины салбар комиссоос мэдээлэл өглөө.
Баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр өглөө хязаалан насны морьдоор эхэлсэн. Энэ насанд 298 үрээ бүртгүүлснээс 184 нь гарааны зурхайгаас хөдөлсөн. Хасагдсан 114 мориноос 84 нь үүлдэрлэг байдлаар хасагдсан гэлээ.
“Морьдын үүлдэрлэг байдлыг тогтоохдоо 2015 онд баталсан журмын дагуу гурван үе шат, дарааллаар зохион байгуулна. Нэгдүгээрт шүдлэг байдал, хоёрдугаарт үүлдэрлэг байдал дээр тэнцвэл нурууны өндөрлөг байдлыг шалгах бөгөөд эхний хоёр үзүүлэлт дээр тэнцэхгүй бол сэрвээний өндрийг шалгахгүй хасдаг” хэмээн тайлбарлалаа.
Мөн хурдан морины комиссоос “Үүлдэрлэг байдлаар тэнцээгүй бол сэрвээний өндрийг хэмжих шаардлагагүй. Үүлдэрлэг байдал гэдэгт тухайн морины толгой, дэл сүүл, шилбэ, хүзүүний суулт, чих зэрэг шинжийг харж эрлийз монгол адууг ялгаж байна. Уяачид өөрсдийн морио сайн мэдэж байгаа. Уяачид ёс зүйтэй байх юм бол ийм асуудал гарахгүй” гэсэн юм.