Төв аймгийн Борнуур сумаас мансууруулах төрлийн долоон уут ургамал тээвэрлэн Гүнтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр зорчих гэж байсан иргэдийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан энэ сарын 11-нд саатуулжээ. Тэдгээр хууль бус үйлдэл хийсэн иргэдийг Эрүүгийн тухай хуулийн дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэн, шалгуулж буй аж.
Ташрамд дурдахад, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн ажилтнууд Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутаг Тахилтын шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслүүдийг өнгөрсөн сарын 20-нд шалгасан байна. Мансууруулах төрлийн бодис байж болзошгүй гурван кг ургамал авч явсан хоёр иргэнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтэст шилжүүлэн шалгуулахад, Налайх дүүргийн харьяат, 22-23 насны, эрхэлсэн ажилгүй Г, Ц нар байжээ. Тэдгээр иргэд нь тээвэрлэхээс гадна мансууруулах бодис хэрэглэсэн болохыг тогтоосон юм.