Аймгийн ИТХ-ын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр болсон анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад Д.Галсандондогийн нэрийг дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад батламжлуулахаар өргөн барьсан юм. Ерөнхий сайд 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр захирамж гаргаж, аймгийн Засаг даргаар Д.Галсандондогийг томилсон байна. Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон Д.Галсандондог өнөөдөр /2016.07.28/ аймгийн Засаг даргаар 2012-2016 оны хооронд ажилласан Д.Цэвэээнравдангаас аймгийн Засаг даргын болон Баруун бүсийн зөвлөлийн даргын тамгаа гардаж авлаа.
Ховд аймгийн Засаг даргын ажил хүлээлцэх ёслол аймгийн ЗДТГ-ын ёслол хүндэтгэлийн өргөөнд болж, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх, хэлтэс агентлагийн дарга нар, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, алдар гавьяат ахмадууд, эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөл оролцлоо.
Шинээр томилогдсон Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог 2012-2016 онд Ховд аймгийн Засаг даргаар 4 жил ажилласан Д.Цэвээнравдан болон аймгийн ЗДТГ, хэлтэс, агентлаг, сум багийн хэмжээнд хийсэн сайн ажлыг үргэлжлүүлж, мөрийн хөтөлбөртөө аймгийн Ардчилсан намаас дэвшүүлсэн шинэлэг ажлыг тусгаж, Ховд аймгаа баруун бүсийн төв, хөгжлийн тулгаар болж хөгжүүлэх, айл бүр ажилтай, архигүй, эрүүл иргэнтэй Ховдын төлөө үлгэрлэн ажиллах болно гэдгээ энэ үеэр онцоллоо.
Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон Д.Галсандондог өмнө нь 2000-2004 онд Ховд аймгийн засаг даргаар ажиллаж байсан туршлагатай юм.