НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Налайх дүүргийн гуравдугаар хороонд 24 цагийн ажиллагаатай “Ухаалаг худаг” ашиглалтад орлоо.
Улсын хэмжээнд жишиг, анхдагч гэж хэлж болохуйц тус худгийг хүлээн авах үйл ажиллагаанд нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Налайх дүүргийн ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх Ж.Гэрэлмаа, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын дарга Г.Чулуунбат нарын албаны зочид төлөөлөгчдөөс гадна тус хорооны иргэд, оршин суугчид оролцлоо.
Налайх дүүргийн гуравдугаар хорооны “Замчны 25” гудамжинд баригдсан энэхүү “ухаалаг худаг” нь 24 цагийн үйлчилгээтэй, халуун хүйтэн устай бөгөөд олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, зэвэрдэггүй ус хадгалах савтай, халаалтын систем нь цахилгаанаар ажиллах юм.
“Ухаалаг худаг” барих ажлыг “Нано-Бриллиант” ХХК өнгөрсөн зургаадугаар сараас барьж гүйцэтгэн ийнхүү ашиглалтад хүлээлгэн өгч байна.
Дашрамд мэдээлэхэд, Налайх дүүрэг нь улсын хэмжээнд Хөвсгөл аймгийн дараагаар ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж буй хоёрдахь суурин газар юм. Тус төлөвлөгөөний хүрээнд газар доорхи цэвэр усны шугам сүлжээг үе шаттайгаар полимор хоолой болгох том зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж эхэлсэн хэмээн Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.