Азербайжан улсын нийслэл Баку хотноо уран сайхны гимнастикийн 37 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өчигдөр өндөрлөлөө.
Анх 1963 оноос зохион байгуулагдаж эхэлсэн энэхүү тэмцээнд энэ удаад нийт 62 орны 312 гимнастикч ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдсөн бөгөөд Монгол улсын гимнастикчид анх удаа оролцож байгаагаараа ихээхэн онцлогтой болж байгаа юм.
Монголын уран гимнастикчдаас дэлхийн дэвжээнд анх удаа эх орноо төлөөлөн Цогтбаярын Саруул, Хашбатын Хулан нар дасгалжуулагч М.Булган, Ц.Тунгалаг нарын удирдлага дор ганцаарчилсан төрөлд оролцлоо. Тэдний оноог танилцуулахад:
– Туузтай дасгалд 152 гимнастикчаас Ц.Саруул 11.550 оноогоор 116-д, Х.Ундрал 8.850 оноогоор 143-д,
– Цагаригтай дасгалд 112 гимнастикчаас Х.Ундрал 14.700 оноогоор 81-д, Ц.Саруул 13.550 оноогоор 90-д,
– Бөмбөгтэй дасгалд 112 тамирчин оролцсоноос Ц.Саруул 12.400 оноогоор 101-д, Х.Ундрал 9.600 оноогоор 109-д,
– Булавтай дасгалд 153 гимнастикч оролцсоноос Х.Ундрал 14.050 оноогоор 118-д, Ц.Саруул 10.150 оноогоор 147-д тус тус оржээ.
Тэгвэл спортын энэхүү төрөлд дэлхийд тэргүүлэгч орон болохоо ОХУ дахин нотлож, есөн төрлийн наймд нь алтан медаль хүртсэн байна. ОХУ-ын ихэр охид болох Дина Аверина болон Арина Аверина нар зургаан алт, хоёр мөнгө, нэг хүрэл хүртэж, ДАШТ-ий гол баатрууд болсон юм. Тэдний хувьд зөвхөн ДАШТ-ээс хүртсэн медаль нь гэхэд, нийтдээ 25 (Дина 11 алт, 2 мөнгө, 1 хүрэл Арина 4 алт, 4 мөнгө, 3 хүрэл)-д хүрлээ.