Японы Мэргэжлийн сүмо бөхийн Изүцү ояката энэ сарын 16-нд хорт хавдын улмаас 58 насандаа нас бараад байсан билээ. Түүнийг өнөөдөр сүүлчийн замд нь гаргаж байгаа бөгөөд төрөлх Изүцү дэвжээнд нь салах ёслолыг хийж байна. Түүнтэй өнөөдөр салах ёс гүйцэтгэхээр Японы сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү, ёкозүна Хакүхо, Какүрюү нарын 600 гаруй хүн цугларсан байна.
Изүцү ояката нь Монголоос төрөн гарсан ёкозүна нарын нэг Какүрюү Анандад анх сүмогийн ертөнцийг таниулж, ёкозүна цол хүртэх хүртэл өөрийн дэргэд байлгаж багшаар нь ажиллаж байсан ояката юм.
Түүнийг нас барсантай холбогдуулан Какүрюү Ананд “Монголоос ирсэн хэний ч мэдэхгүй хүүд итгэл найдвар хүлээлгэж, өсгөн хүмүүжүүлсэн хайртай багш минь байлаа. Намайг ялагдах үед надаас илүү сэтгэлээр унадаг.
Энэхүү гэнэтийн мэдээг сонсоод шоконд орсон. Ийм залуугаараа нас барна гэж огт бодоогүй. Одоо ч итгэхгүй байна. Дэвжээндээ биднээр бэлтгэл хийлгээд сууж байгаа мэт санагдаж байна. Хамгийн сүүлд уулзсан нь Нагоя башёд түрүүлсэн өдөр. Ингээд бодоход тэр түрүү жаахан ч гэсэн ачийг нь хариулсан хэрэг болсон юм болов уу даа” хэмээн хэлжээ.