Нийгмийн даатгалын ерөнхий газар /НДЕГ/-аас жил бүр шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч нарт зориулж хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн билээ.
Үүний дагуу 2018 оны санхүүгийн жилд Нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн, ажиллагсдынхаа нийгмийн баталгааг хангаж нийгмийн даатгалд бүрэн хамруулсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа хугацаанд нь илгээж, өр үүсгэлгүй, хамгийн их шимтгэл төлөн нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг 15 ажил олгогчийг шалгаруулсан юм.
Шилдэг аж ахуйн нэгжүүдэд хүндэт өргөмжлөл гардуулах үеэр НДЕГ-ын дэд дарга Г.Саран “НДЕГ нь шимтгэл төлөгч 45,6 мянган ажил олгогчоос нийт 1.4 их наяд төгрөгийг Улсын төсөвт бүрдүүлэх үүрэгтэй. Энэхүү төсвийг бүрдүүлэхэд ажил олгогч та бүхний оролцоо маш чухал. Ялангуяа шилдгээр шалгарсан 15 аж ахуйн нэгж нийт орлогын 10 хувийг дангаараа бүрдүүлж байна. Эндээс та бүхэн нийгмийн хариуцлагаа хэчнээн өндрөөр ухамсарлаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа нь тод харагдаж байна” хэмээн хэллээ.
Мөн шилдэгээр шалгарсан байгууллагуудын тугийг жилийн турш НДЕГ-ын өмнө алдаршуулж, тэдэнд үзүүлэх нийгмийн даатгалын үйлчилгээг ямар нэгэн асуудалгүй, хүлээлт үүсгэлгүйгээр шийдвэрлэж өгөх давуу эрхийг олгож байгаагаа мэдэгдлээ.
Шилдэг ажил олгогч 15 байгууллага:
1. Оюу толгой ХХК
2. Эрдэнэт үйлдвэр ХХК
3. Рэдпафмонгол ХХК
4. ХААН банк
5. ТЭСО групп
6. Болд төмөр ерөө гол ХХК
7. Саппорт сервисис, Монголиа ХХК
8. Дархан-Уул аймгийн Улаанбаатар төмөр замын 1-р анги
9. Цайрт менерал ХХК
10. Санхүү эдийн засгийн их сургууль
11. Эрдэм Транс ХХК
12. Эпирок монголиа ХХК
13. Алтай трест ХХК
14. Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар
15. Хужирт рашаан сувилал