Японд “Хагибис” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 73 хүрээд байна. Үүнээс гадна сураггүй болсон 10-аад хүн байгаа бөгөөд тэднийг эрэн хайх ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна. Мөн 200 гаруй хүн байгалийн аюулт үзэгдлийн улмаас бэртэж гэмтсэн болохыг мэдээлж байна.
Нийт 25 оршин суугчаа алдсан Фүкүшима муж хамгийн их хохирол амссан бүс нутаг болоод байгаа юм. Тус мужийн нутагт 2011 оны цунамигийн улмаас осолдсон цөмийн цахилгаан станц оршдогоороо танил болсон билээ.
Хар салхи бямба гарагт Японы төв арлыг дайрч өнгөрсөн ч дараа нь үүссэн үер, хөрсний нуралтын гамшиг одоо ч үргэлжилсээр байна. Үүний уршгаар 12 мужийн 128 мянган айл өрх ундны цэвэр усгүй болжээ. Харин гэрэл цахилгаангүй болсон айлын тоо 520 мянга болод байсан бөгөөд шуурхай арга хэмжээний үр дүнд 20 мянга болтлоо буураад байгаа аж. Тус улсын засгийн газрын зүгээс байгалийн гамшгийн үеэр учирсан бодит хохирлын хэмжээг тодорхойлохоор ажиллаж эхэлжээ.
“Хагибис” хар салхины хор хөнөөл эдийн засагт нь удаан хугацаанд нөлөөлөхөөр байгааг Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо өчигдөр парламентад мэдээлэл хийхдээ мэдэгдсэн юм. Сангийн сайд Асо Таро хохирлыг барагдуулахад төрийн сангаас 500 тэрбум иен ($4.6 тэрбум) гаргах болсон ба шаардлагатай бол мөнгө нэмж гаргахад бэлэн болохоо мэдэгдсэн байна.