Их Британи улс Европын Холбооноос хэлэлцээргүй гарах явцыг эрчимжүүлэхээ Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдлээ. Тэдний энэхүү шийдвэрийг гаргахтай холбогдуулан Европын Холбооны талаас шаардлагатай гэж үзвэл BREXIT-ийг хойшлуулж, тэдэнд нэмж хугацаа олгоход бэлэн хэмээн мэдэгдсэн юм.
BREXIT-ийн тов болох аравдугаар сарын 31 болоход хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байгаатай холбогдуулан бямба гаригт Их Британийн Парламентад явагдсан санал хураалтаар эрх баригчид Европын Холбоотой байгуулсан хэлэлцээрт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн, BREXIT-ийг хойшлуулах хүсэлт Европын Холбоонд гаргах саналыг дэмжсэн байна.
Үүнийг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эсэргүүцсэн хэдий ч Европын Холбооноос BREXIT-ийг нэгдүгээр сарын 31 хүртэл хойшлуулах хүсэлтийг албан ёсоор гаргажээ. Ерөнхий сайдын хувьд Европын Холбооноос хэлэлцээргүй гарахыг илүүд үзэж байгаагаа илэрхийлж, тов хойшлуулах хүсэлтэд гарын үсэг зурахаас татгалзжээ.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Засгийн газар ямар ч хүсэлт гаргахад хүрсэн бай энэ нь миний байр суурийг өөрчилж чадахгүй. BREXIT-ийг хойшлуулах нь утгагүй, зардал өндөртэй, бүх нийтийн итгэлийг маш хөсөрдүүлсэн хэрэг болно. Парламент хамтарч, өнөөдөр улсаа нэгтгэх үе ирээд байна. Манай ард түмэн урагшлах шинэ замыг, британичуудад, Европын Холбоонд байгаа анд нөхдөдөө илүү ашигтай хэлэлцээрт хүрэхийг найдаж, зорьж ирсэн гэдэгт итгэж байна. Сүүлийн хоёр өдөр бид анд нөхөдтэйгөө хүрсэн хэлэлцээрийн давуу тал нь энэ” хэмээн мэдэгдсэн байна.