Түрээсийн орон сууцны эхний 6 блок байр буюу 1035, 1036, 1038, 1039, 1041, 1042 дугаар байранд орох иргэд энэ долоо хоногт буюу 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд орон сууцныхаа түлхүүрийг хүлээн авахаар болсон байна. Түлхүүрийг гурван өдөр хуваан олгохдоо байрны талбайн хэмжээгээр ангилан олгож байгаа бөгөөд өнөөдөр 68.59 м.кв талбайтай орон сууцыг сонгосон 102 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардах аж.
“НОСК-ын мэргэжилтнүүд түлхүүрийг хүлээлгэж өгөхөөр дээрх орон сууцнуудад ажиллаж байгаа. Харин маргааш буюу пүрэв гарагт 49.23м.кв, баасан гарагт 39.3м.кв талбайтай орон сууцыг сонгосон иргэд ажлын цагаар ирж түлхүүрээ гардах боломжтой” хэмээн нийслэлийн Орон сууцны корпорацаас мэдэгдлээ.
“Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 223 дугаар тогтоол, “972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай” Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 115 дугаар тогтоолын дагуу “Буянт-ухаа 2” хорооллын 972 айлын Түрээсийн орон сууцанд зорилтот 8 бүлгийн иргэдийг хамруулахаар батлагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд тус орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулах ажил зохион байгуулагдсан юм.