Гадаад харилцааны дэд сайдаар томилогдсон Батмөнхийн Батцэцэг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр үүрэгт ажилдаа орлоо. Төрийн өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдсон дэд сайд Б.Батцэцэгт Гадаад харилцааны сайд Ц. Мөнх-Оргил баяр хүргээд, ажлын амжилт хүсэв. Шинэ албаа хүлээж аваад буй дэд сайд Б.Батцэцэг \”Монгол төрийн алтан аргамж болсон дипломат албаны өндөр хариуцлагатай албыг нэр төртэй, хариуцлагатай, хоёргүй сэтгэлээр залгуулж сайд болон дипломат албаны хамт олонтойгоо гар нийлэн ажиллах болно” гэдгээ илэрхийлэв.
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нь Баянхонгор аймагт төрсөн. МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1996 онд, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг 2005 онд тус тус дүүргэсэн, англи, орос хэлтэй.
Б.Батцэцэг нь 1996-2005 онд \”Мөнхийн Үсэг” ХХК-ийн захирал, 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга, 2007-2015 онд \”Мөнхийн үсэг групп” ХХК-ийн УЗ-ийн дарга, 2010-2011 онд МАХН-ын ажлын албанд зөвлөх, 2011-2012 онд МАН-ын ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн сайдын зөвлөхөөр тус тус ажилласан байна.