Өнгөрсөн шөнө буюу 29-30-нд шилжих шөнө Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан баг хамтран ажиллаж нийслэлд байрлалтай гурван зочид буудлаас БНХАУ-ын 500 гаруй иргэнийг саатууллаа.
Эдгээр иргэдийг саатуулах явцад монголын үүрэн холбооны компанийн 10.000 орчим дугаар, өндөр хүчин чадал бүхий 1000 орчим компьютерийг хэрэглэж байсан нь тогтоогджээ. Эдгээр иргэд дунд Хонконгийн иргэд ч олноор байгаа бөгөөд зарим нь Монгол Улсад түр оршин суух зөвшөөрлөө авсан байна.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, эдгээр иргэдийг санхүүгийн луйвар, залилан, хакер, хувийн мэдээлэл хулгайлсан, мөнгө угаах эдийн засгийн гэмт хэргийн хүрээнд шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Мөн эдгээр хятад иргэд өмнө нь Камбож улсад энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэний улмаас албадан гаргуулж байсан юм.