Цахим луйврын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр өчигдөр явуулсан гүйцэтгэх ажиллагааг ЦЕГ болон ТЕГ-ын удирдлага Засгийн газрын хуралдаанд мэдээлэл өгч, гүйцэтгэх ажлын талаар хэлэлцсэн юм. Үүний дараа ЦЕГ-ын дарга С.Баатаржав болон ТЕГ-ын дарга Д.Гэрэл нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
ТЕГ-ын дарга Д.Гэрэл “БНХАУ-ын иргэд мөнгө угаасан нь батлагдсан. Тоглоом хэлбэрээр байж болно. Өөр хэлбэрээр ч байж болно. Үүнийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна. Хураасан бүх хардуудыг үзнэ. Манай IT багийнхан ажиллаж байгаа. БНХАУ-ын иргэд таван буудалд байгаа. Үзэгдэж байгаа, зохион байгуулж байгаа хүмүүсийг бид саатуулсан байгаа. Тэр хүмүүсээс мэдээлэл, байцаалт авч байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.
Өнгөрсөн наймдугаар сараас хойш цувж болон бөөнөөр орж ирсэн. Жуулчны визээр орж ирээд хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон. Тиймээс албадан гаргах бүх нөхцөл бүрдсэн байна. 10 мянган сим карт ямар ч хяналтгүй тархаж байна. Үүнийг журамлах байдлыг бид анхаарах хэрэгтэй болсон.
Зохион байгуулагч гэх таван хүнийг саатуулсан. Дөрөв нь хятад, нэг нь монгол хүн байгаа” гэсэн юм.
Харин ЦЕГ-ын дарга С.Баатаржав “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс маань цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй. Энэ хэлстэст уг хэргийг шалгаж байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор таван зочид буудал, үүрэн телефоны операторуудад хариуцлагын асуудал яригдана.
Одоогийн байдлаар 700 гаруй хятад иргэн зочид буудлууддаа байгаа. Нэмж илрүүлэх ажиллагаа явагдана. Ер нь бол энэ улсуудыг албадан гаргана. Эдгээр хүмүүсийг хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Зөвхөн зохион байгуулсан хүмүүсийг нь шалгана” хэмээн мэдэгдлээ.