\”Рио-2016” олимпийн наадмаас боксын эрэгтэйчүүдийн 60 кг жинд өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн Д.Отгондалайгийн ээжтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Та өчигдөр хүүгийнхээ мөнгөн медалийн төлөөх тоглолтыг үзсэн үү?
-Шууд дамжуулахад нь үзэж чадаагүй ээ. Өглөө хүүхэд ирэхэд утсаар нь нөхөж үзсэн. Эмээ нь Дорнод аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа юм. Саяхан хөлөө эвгүй гишгээд гэмтээчихсэн. Эмнэлэгт хэвтсэнээ Д.Отгондалайд мэдэгдэхгүйн тулд хэвлэлийнхнийг утсаар ярихад нь ярилцлага өгсөнгүй. Өчигдрийн тоглолтын хувьд сайхан болсон байна билээ. Гэхдээ оноогоор ялагдчихлаа.
-Шүүгчдийн явуулга орж ялагдууллаа хэмээн мэргэжлийнхэн болон үзэгчид ярьж байна. Харин та ямар бодолтой байна вэ?
-Хүмүүс уухайлаад л байна билээ. Тэр байдлыг нь харахаар ялахаар байсан юм болов уу гэж бодсон. Гэхдээ эмээ нь энэ талд мэдлэггүй болохоор хэлж мэдэхгүй байна. Гоё тоглолт үзүүлж бол чадсан шүү.
-Мөнгөн медаль хүртэнэ байх гэж бодож байв уу?
-Уг нь би хүүгээ ялна байх гэж бодсон. Өмнөх тоглолтууд нь сайхан болсон болохоор их өндөр сэтгэгдэлтэй хүлээж байсан.
-Хүрэл медалийн болзол хангахад нь та хэрхэн хүлээж авсан бэ?
-Сайхан байсан. Хүүгээрээ бахархаж суулаа. Гэхдээ би тэр тоглолтыг мөн л шууд дамжуулалтаас үзэж чадаагүй. Маргааш нь хүүхдийн утсаар л харсан. Ер нь би шууд дамжуулалт үзэхээс эмээдэг. \”Эвгүй цохиулчих болов уу” гэж бодохоор сууж чаддаггүй юм. Азийн наадмын аварга болоход нь ч би үзэж чадаагүй. Дараа нь интернэтээс харахад Монгол Улсынхаа төрийн далбааг мөрөн дээрээ нөмрөөд дэвжээ тойроод гүйсэн байна билээ. Их л сайхан санагдсан.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Дөрвөн хүү, хоёр охинтой. Д.Отгондалай манай бага. Ах нар нь жолооч, Дорнод аймгийн нисэх онгоцны буудалд, барилгачин гэсэн ажил хийдэг бол эгч нар нь цэцэрлэгийн багш, тогооч мэргэжилтэй.
-Д.Отгондалай багадаа их хөдөлгөөнтэй байсан уу?
-Хөдөлгөөнтэй байсан ч энд тэнд очоод хүүхэд шоглож байгаагүй. Найзуудыгаа дагаад л боксын спортыг сонгосон. Гэхдээ хүүхэд байхдаа бөхийн спортыг илүү сонирхдог, барилддаг байсан юм. Зодог шуудаг ч бий. Одоо ч бөхийн спортод дуртай. Гэнэт боксын спорт хөөх болсонд нь би их дургүйцсэн. Тэглээ ч дийлээгүй. Өөрөө л энэ амьдралыг сонгосон. Би Улаанбаатарт энэ хүүгийнхээ жаалуудыг хардаг. Д.Отгондалайг олимп руу явсан болохоор нь би эхнэр, хүүхдүүдийнх нь хамт нутагтаа ирээд байгаа минь энэ.
-Д.Отгондалайгийн аав ямар мэргэжилтэй хүн байсан бэ?
-Дорнод аймгийн нисэх онгоцны буудалд сантехникч, жолооч, шатахууны нярваар ажиллаж байгаад 1996 онд бурхан болсон.
-Залуудаа спортоор хичээллэдэг байсан уу?
-Гүйлтийн спортоор оюутан байхдаа хичээллэдэг байсан гэсэн. Тэр үед Казахсан, ОХУ-ын нэгэн хотод зохион байгуулагдсан тэмцээнд оролцож медаль хүртэж байсан юм билээ. Энэ дашрамд хүүгийнхээ спортын хамт олон, \”Хилчин” спорт хорооныхонд баярлаж явдгаа дамжуулъя. Хүүг маань энэ зэрэгтэй явахад багш нар нь, ажлын хамт олон нь их нөлөө үзүүлж байна шүү дээ.
Рио 2016 олимпийн наадмыг Монголын Үндэсний олон нийтийн телевиз албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулж байна