Өнгөрсөн сарын 29-30-нд шилжих шөнө цахим луйвар хийсэн байж болзошгүй БНХАУ-ын 759 иргэнийг саатуулсан билээ. Эдгээр хүмүүсээс үйл ажиллагааг зохион байгуулж, хөрөнгө оруулагчаар ажилласан байж болзошгүй гэх арав орчим хүнийг үлдээн шалгаж бусдыг нь Хятадын талд хүлээлгэн өгсөн.
Тэдгээр иргэдийн заримыг Шангри-Ла зочид буудлаас саатуулсан бол нэг нь “Гурван гал” худалдааны төв орчим дахь орон сууцнаасаа оргон зайлсан байсныг Замын-Үүдээс баривчилжээ.
Монголд үлдээн шалгаж буй 10 орчим хүний гурав нь Монгол Улсын иргэн байгааг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Энэхүү тусгай ажиллагааны үеэр хураан авсан хятадуудын өндөр хүчин чадал бүхий 1,000 орчим компьютер, ухаалаг гар утас, 10 мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, онц их хэмжээний бэлэн валют, тансаг зэрэглэлийн автомашинуудыг хураан аваад байгаа болохыг холбогдох албаныхан мэдээлсэн билээ.