– Монгол Улсын Үндсэн хуулийн 19 зүйл, 36 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулжээ –
Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн баталсан билээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт эцэслэн батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийн ахлагч, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан болон ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор А.Бямбажаргал, Үндсэн хууль судлаач О.Машбат, Ардын Их Хурлын депутат асан Д.Ламжав, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор Д.Гангабаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нар өчигдөр /2019.11.15/ хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүн санал нэгтэйгээр буюу 100 хувийн саналаар дэмжиж, эцэслэн баталсныг мэдээллийн эхэнд онцлов.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал 20 гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжин хэлэлцүүлэг идэвхтэй өрнөснийг тэрбээр дурдаад, энэ удаагийн парламент 2016 оноос хойш гурван жилийн турш Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлгүүд, зөвлөлдөх санал асуулга, семинар, уулзалтууд явуулсны эцэст 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Түүнээс хойш Улсын Их Хурал таван сар гаруйн хугацаанд нийт 158 хоног тасралтгүй хэлэлцсэний эцэст Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг амжилттай баталсныг тэрбээр дахин онцолсон.
Улсын Их Хурлын 57-гоос доошгүй гишүүний саналаар баталдаг өндөр босготой энэхүү хуулийг батлахын өмнө сүүлийн гурван жилийн хугацаанд Улсын Их Хурлын гишүүд 21 аймаг, есөн дүүрэгт хуулийн төслөө танилцуулан, нийгмийн бүх субьектийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн 306 мянга гаруй, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас ирүүлсэн 600 мянга гаруй санал авч, хэлэлцсэний эцэст хуулиа баталсан гэсэн мэдээллийг тэрбээр өглөө.
Монгол Улсын Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд түүний 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт орсон гэдгийг тэрбээр дурдаад, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан зарим зүйл, заалтуудын талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Байгалийн баялгийн үр өгөөжийг одоо болон ирээдүйд ард түмэндээ хүртээх, өвлүүлж үлдээх томоохон зохицуулалтыг Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөд оруулж өгсөн гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт онцолсон. Энэ үндсэн дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэсэн зарчмын шинжтэй маш чухал заалтууд оруулсныг Байнгын хорооны дарга тэмдэглэв.
Улс төрийн намтай холбоотой тухайлсан заалт Үндсэн хуульд байгаагүй бол энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр гурван заалт орууллаа. Нам Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах, намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулахаар тусгасан гээд намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулах тухай заалтыг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар тусгайлан зохицуулж өгчээ. Түүнчлэн намын санхүүжилт ил тод байх, үйл ажиллагаа нь үндсэн чиглэл, үзэл баримтлалтайгаа нийцсэн байхаар тусгасныг дурдаад, үүнтэй нийцүүлэн Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж батална хэмээн тодотголоо.
Улсын Их Хурлын сонгуулийг журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг Үндсэн хуулиар хориглосон нь чухал заалт болсныг тэрбээр онцлон дурдав.
Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлох асуудлыг Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх болгон заасан нь онцлох өөрчлөлтийн нэг гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга тодотгож байлаа. Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна хэмээн зааж өгснөөр ямар ч улс төрийн хүчин гарч ирсэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, төрийн бодлого тогтвортой байх бололцоог бий болголоо. Мөн Улсын Их Хурал улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно, харин ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж болохгүй гэдгийг Үндсэн хуульд суулгаж өгсөн нь нэг чухал дэвшил гэдгийг онцлов.
Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтоохоор зохицуулжээ. Түүнчлэн Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам 75-аас доошгүй ажлын өдөр чуулахаар нэмэгдүүлсэн, чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцож, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэх, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар эцэслэн батлах зэрэг чухал заалтууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдаж батлагдсаныг онцолж байлаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүдийг хариуцлагатай байлгах, хууль зөрчихгүй байх, өргөсөн тангарагтаа үнэнч байхтай холбоотой чухал заалтуудыг Үндсэн хуульд тусгаж өгсөн гэлээ.
Түүнчлэн “давхар дээл”-ийг тайлж, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүн байхаар хязгаарлалт тогтоож, Улсын Их Хурлаар томилогдсон Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрөө томилж, чөлөөлж, огцруулдаг байх зохицуулалт оруулсныг онцоллоо.
Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгохоор тусгаж, шүүхийг, шүүгчийг хараат бусаар ажиллах бололцоог бий болгох тодорхой зохицуулалтуудыг бий болгосныг тэрбээр онцолсон.
Төвлөрлийг сааруулах, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, хот, тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгох асуудлыг шийдэж өгсөн нь энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн чухал шийдэл болсон гэдгийг тэрбээр тодотгож байлаа. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж зааж оруулсан. Мөн хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэхээр болж байгаа гэлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхлэх бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар тодорхой зохицуулалтуудыг оруулж өглөө. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг баримтлахаар, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгахаар зааж өгсөн. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг 2020 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу бусад хот, дүүрэг, тосгоны өөрийн улирдлагыг шинэчлэн зохион байгуулах, тэдгээрт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг судлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр заасныг дурдав.
Мэдээллийн дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Ажлын дэд хэсгийн гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.