Өчигдөр London Institute for Economics and Peace байгууллагаас Дэлхий даяар Терроризмын тархалтын талаарх судалгааны тайлангаа танилцуулжээ.
Уг судалгаанд дэлхийн нийт хүн амын 99.7 хувийг багтаадаг 163 улс орныг хамруулж, терроризмын аюул “маш өндөр”, “өндөр”, “дунд зэрэг”, “бага”, “маш бага”, “огт байхгүй” гэсэн зургаан ангилалд хуваан үнэлсэн байна.
Монгол улсын хувьд Сингапур, Куба, Умард Солонгос, Туркменистан, Беларусь зэрэг 25 орны хамт терроризмын аюул огт байхгүй гэсэн ангилалд багтжээ.
Харин терроризмын хамгийн өндөр аюултай улсуудыг Афганистан, Ирак, Нигери, Сири зэрэг улсууд тэргүүлжээ.
Дэлхий даяар террорист халдлагын улмаас амиа алдагсдын тоо 2014 онд дээд хэмжээнд хүрээд байсан бөгөөд энэхүү үзүүлэлт дөрвөн жил дараалан буурсаар 2018 онд хамгийн доод түвшиндээ хүрээд байгаа аж. Эдгээр судалгаанд хамрагдсан улсуудаас 103 улсад нь өнгөрөгч онд хамгийн багадаа нэг халдлага гарсан хэмээн бүртгэгдсэн байна.
Харин хамгийн ихээр террорист халдлагын тоог бууруулж чадсан улсаар Ирак тодорсон бөгөөд тус улсад 2018 онд 3217 хүн амиа алдсан нь өмнөх оноос даруй 75 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа юм.
Эх сурвалж: London Institute for Economics and Peace