“Оюу Толгой төслийн далд уурхайн гэрээ хэлэлцээрийг сайжруулах асуудлаар Монгол Улсын Засгийн газартай хамтрахад бэлэн байгаа” хэмээн “Rio Tinto” компанийн Гүйцэтгэх захирал Жан-Себастъян Жак мэдэгдлээ.
Түүнчлэн тэрбээр “Монгол Улсын Засгийн газрыг оролцуулаад төслийн бүх хувь эзэмшигчид илүү их үнэ цэн, баялгийг хүртээх илүү сайн арга замыг эрэлхийлэхийн тулд Засгийн газартай яриа хэлэлцээгээ хийсээр байх болно” хэмээн дурдсан байна.
Түүний энэхүү мэдээллийн дараа Австралийн Хөрөнгийн бирж дээр арилжаалж буй “Rio Tinto” компанийн хувьцааны ханш даваа гарагийн арилжаа дуусах үед 1.99 хувиар өсөж, 95.92 австрали доллар боллоо.
Харин “Оюу Толгой” төслийн өөр нэг хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш өнгөрсөн баасан гарагт Торонтогийн Хөрөнгийн биржид 1.64 хувиар буурч, 0.6 канад доллар болжээ.
Өнгөрсөн долоо хоногт “Оюу Толгой” ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталсан юм. Үүнд:
– Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулахад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөх үйлчилгээ авах
– Далд уурхайн санхүүжилтийн талаар 2015 онд байгуулсан нэмэлт төлөвлөгөөг сайжруулах
– “Оюу Толгой” төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг 53 хувиас бууруулахгүй байх
– Энэ хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-т оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх зэрэг заалтыг тусгажээ.
Т.Элиса