Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 98 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр” тохиосон билээ. 2019 онд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-оос дэлхийн шинжлэх ухааны өдрийг “НЭЭЛТТЭЙ ШИНЖЛЭХ УХААН ХЭНИЙГ Ч ОРХИГДУУЛАХГҮЙ” уриатай тэмдэглэсэн бол Монгол Улс Шинжлэх ухааны ажилтны өдрөө энэ жил “НЭЭЛТТЭЙ ШИНЖЛЭХ УХААН НИЙГЭМД ТУСТАЙ ЗАСАГЛАЛ” уриатай тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын нэгдсэн арга хэмжээнд Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг шинжлэх ухааны салбарын ажилтан, үе үеийн эрдэмтэн судлаачдад хандан мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэснийг дэд сайд Г.Ганбаяр уламжиллаа.
Тэрээр мэндчилгээндээ “2019 онд Монгол Улсын Засгийн газар шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт онцгой анхаарал хандуулж, тус салбарын бодлого, эрх зүйн орчныг шинэчлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр чухал ач холбогдолтой шийдвэрүүдийг гаргалаа. Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлыг Монгол Улсын Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр “Хандлагаа өөрчилье” уриан дор зохион байгуулж, цаашдын хөгжлийн шинэ зорилтыг тодорхойлсноороо түүхэн онцлог жил боллоо” хэмээн онцоллоо.
Баярын арга хэмжээний үеэр Шинжлэх ухааны 2019 оны шилдэг инновацийн дөрвөн номинаци, салбарын хэмжээний шилдэг 9 бүтээл, “Их эрдэмтний нэрэмжит” шагналын эзэд тодорч шагналыг Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаяр, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, БСШУСЯ-ны ШУТБГ-ын дарга С.Мөнхбат нар гардууллаа.