Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдэгдэл хийж Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын 800 орчим иргэнийг Монгол улсад оруулж ирсэн хэмээн мэдэгдсэн билээ.
Түүний энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан Шадар сайд Ө.Энхтүвшин албан ёсны тайлбар өгсөн байна. Тэрбээр “Сүүлийн үед нийгэм намайг хятадуудтай холбож хардах боллоо. “Чөлөөт бүсэд казино байгуулах гэж байна, хятад иргэдийг оруулж ирлээ гэх мэтээр” ярьж байна. Энэ нь Засгийн газрын нэр хүндэд шууд халдаж байгаа хэрэг.
Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Замын-Үүдийн чөлөөт бүсэд казино байгуулахгүй гэсэн заалт орсон байдаг. Казино байгуулах эсэхийг Хятадын тал зөвшөөрдөггүй.
Ж.Батзандангийн ярьдаг шиг би Хуан гэх хятад хүнтэй уулзаж, казино байгуулах талаар ярилцаагүй. Би зөвхөн Хятадын компанийн гурван хүнтэй уулзаж, IT чиглэлээр хамтран ажиллах санал солилцсон. Тэд интернет худалдаа, интернет аялал жуулчлалын чиглэлээр манай Засгийн газартай хамтран ажиллах санал тавьсан. Тухайн үед Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсийн албаныхан надтай хамт байлцсан” гэх тайлбарыг өглөө.