Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярыг бид \”Алимаа” гэх нэрээр нь сайн
мэддэг. Уг эрхэм УИХ-ын гишүүнээр сонгогдож ажиллаж байсан арвин туршлага нэгэн.
Гэвч энэ арвин туршлага, нэр хүнд нь мандаж явахдаа гаргасан нэг алдаанаас
болоод шороотой хутгалдчихаад байгаа.
Тодруулбал, тэрээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Өмч хувьчлалын комиссын
даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, улсад 605 сая
төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдан шүүхээс 2 жил 1 сарын ял сонсч,
Мааньтын 415 дугаар хорих ангид нэг жилийн хугацаанд хоригдож хугацаанаасаа өмнө
сулагдсан. Ер нь бол ялтайд тооцогдох хугацаа нь дуусаагүй яваа гэж хэлж
болохоор.
Гэтэл мань хүн нам нь сонгуульд ялалт байгуулмагц албан тушаал горилж,
бусаддаа бухимдаж яваа сурагтай. Бүр өөрийнхөө очих албан тушаалыг онлайн
худалдаа шиг л утас цохиод л захиалга өгч яваа тухай намынх нь нөхдүүд жиг жуг
хийж байна.
Тухайлбал, тэрээр Хил хамгаалах газрыг удирдах сонирхолтой байгаа аж. Олон
жил улс төрийн удирдах албан тушаал хашсан, туршлага энэ тэрийг нь үнэлээд түүнийг
шагначихад асуудал үгүй. Гэвч албан тушаалын хэрэгт холбогдож байсан, одоо ч ял
шийтгэлтэй хугацаа нь дуусгавар болоогүй хүнд Монгол улсын Дархан хилийг даатгана
гэдэг арай л эрсдэлтэй санагдах юм.
Ц.Батбаярын ял шийтгэлтэй хугацаа дууссан бол албан тушаал өгч болно.
Намдаа түүнээс ч илүү гавьяа байгуулж байсан биз. Гэхдээ л Хил хамгаалах газрыг
яавч болохгүй. Энэ бол Монгол Улсын эрх ашиг. Харин Монгол Улсын эрх ашгаар
хувь хүнийг шагнаж яавч болохгүй гэж хэлэх гээд байгаа юм. За тэгээд ялсан нам
өөрөө л мэдэж дээ. Авлигатай тэмцэх газар уг томилгоог эсэргүүцэх байлгүй дээ.
Шар хүү