Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хурлын үеэр нийслэл хотын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчийн автобусанд хийсэн шалгалтын талаар танилцууллаа. 2016 оны наймдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн зогсоолын талбайд шалгалтыг явуулсан байна. Нийслэлийн долоон дүүргийн 43 сургууль, хоёр цэцэрлэгийн нийт 103 автобус хамрагджээ. Сургуулиуд сурагчийн автобусны стандартыг төдийлөн баримтлахгүй байгаа нь шалгалтын дүнгээс харагдаж байгааг энэ үеэр онцоллоо. Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү ерөнхий боловсролын сургуулиудад сурагчийн автобусны стандартыг мөрдөх хугацаатай шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэлээ.