Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дунджаар 8.8 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 422.9 мянган хүний тэтгэвэр нэмэгдэхээр болж байгаа юм.
У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар 2018, 2019, 2020 онуудад дараалан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлжээ.
Үүний үр дүнд 2016 оны тэтгэврийн хэмжээтэй харьцуулахад:
•251.0 мянга байсан бүрэн тэтгэврийн доод хэмжээ 2020 онд 350.0 мянга болно,
•216.0 мянган төгрөг байсан хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300.0 мянган төгрөг болно,
•312.9 мянган төгрөг байсан дундаж тэтгэврийн хэмжээ 409.0 мянган төгрөг болж байгаа юм.
Энэхүү өөрчлөлтийг хувьчилж үзүүлбэл:
•Бүрэн тэтгэврийн хэмжээг 39.4 хувиар,
•Хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг 38.9 хувиар,
•Дундаж тэтгэврийн хэмжээг 30.7 хувиар тус тус нэмэгдэж байна.
Мөн үүнээс гадна нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэврийг дунджаар 8 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг ЗГ-ын хуралдаанаар гаргажээ.