БНХАУ-ын Хубэй мужийн нийслэл Ухань хотод коронавирусийн халдвар дэгдэж, хөл хорио тогтоогоод байна. Тус улсын арван их сургуульд 250 орчим монгол оюутан суралцдаг аж. Оюутнуудын өвлийн амралт эхэлж, ихэнх нь Монгол руу буцсаны дараа коронавирусийн халдвар дэгджээ. Тиймээс 31 оюутан, нэг хүүхэд нийлээд 32 хүн Уханьд хөл хорионд ороод байгаа аж. Энэ талаар тус хотод суралцаж байгаад хөл хорионд орсон Р.Болорцэцэгтэй ярилцлаа. /Өдрийн сонин Б.Батзориг/
-Ухань хотод өвлийн амралтаараа үлдсэн 31 оюутан, нэг бага насны хүүхэд байгаа. Нэгдүгээр сарын 23-ны өдрийн 10:00 цагаас хөл хорио тогтоож эхэлсэн.
-Хөл хориог ямар байдлаар тогтоосон бэ. Орж, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан уу?
-Нэгдүгээр сарын 23-наас эхлэн бүх нийтийн тээврийн үйлчилгээг зогсоосон. Жишээлбэл, энгийн болон хурдны галт тэргээр зорчих боломжгүй болсон. Мөн Ухань хотоос гарах болон ирэх нислэгийг хаасан байгаа.
Хэдийгээр нийтийн тээврийн үйлчилгээг зогсоосон ч гэсэн хот дотор 6,000 такси үнэгүй үйлчилж, хувийн унаагаар явахыг зөвшөөрч байсан. Гэвч энэ сарын 25-наас эхлэн хувийн унаагаар явах болон такси үйлчилгээг бүрэн зогсоогоод байна.
-Гадуур гарах боломжтой байгаа юу. Дэлгүүр болон бусад үйлчилгээний газрууд ажиллаж байна уу?
-Ард иргэд гэр орноосоо гарч дэлгүүр орж болно. Гэвч энэ үйлдэл нь маш эрсдэлтэйд тооцогдож байгаа. Гадуур гарах боломж байгаа ч онцгой шаардлага гарахгүй бол хүмүүс гэртээ байхыг илүүд үзэж байна.
Нөгөөтэйгүүр, хөл хорио тогтоосон мэдээ гарсан өдрөөс эхлэн хүнсний болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг их хэмжээгээр базаасан учир иргэд нэг их гарахгүй байгаа. Том хэмжээний нэг л супермаркет ажиллаж байгаа гэсэн. Бусад нарийн мэдээллийг сайн мэдэхгүй байна. Бид ч бас гэрээсээ огт гарахгүй байгаа.
-Та бүхний одоогийн нөхцөл байдал ямар байна вэ. Хүнсний болон бусад хангамж дутагдаж байна уу?
-Ухань хотод байгаа Монгол Улсын 32 иргэн маань 4, 5, 6 гэхчлэн хэсэг хэсгээрээ зургаан өөр сургуульд байгаа. Сургууль тус бүрийнхээ оюутны байранд бий. Бүгд өрөөнөөсөө гарахгүй байгаа. Хөл хорио цуцлахыг хүлээх ч юм уу, эсвэл эх орноос минь биднийг ирж авах шийдвэрийг хүлээсэн нөхцөл байдалтай байна.
Одоогийн байдлаар Wechat-д тусдаа групп үүсгэчихсэн. Үүгээрээ хоорондоо харилцаж, мэдээлэл хуваалцаж байна. Мөн дор бүрнээ биеийн байдлаа хянаж байгаа. Өдөр бүр халуун болон биеийн бусад үзүүлэлтээ хэмждэг. Монгол оюутнуудаас халуурсан, өвдсөн зүйл байхгүй. Бүгдийнх нь биеийн байдал хэвийн байна.
-Оюутны байранд байгаа залуус хэрхэн хооллож байгаа вэ. Сургуулиас нэгдсэн байдлаар хооллож байна уу, эсвэл дэлгүүрээс хүнсээ цуглуулсан уу?
-Монгол оюутнуудын хувьд хүнсээ дор бүрнээ цуглуулаад өрөө өрөөндөө хоолоо хийж идэж байгаа. Сургуулиас үнэгүй хоол тараах арга хэмжээ авч байгаа юм шиг байна лээ. Одоогийн байдлаар монгол оюутнууд үүнд нь хамрагдаагүй гэсэн. Миний хувьд гэр бүлийнхэнтэйгээ тусдаа байр хөлсөлж амьдардаг. Оюутны байранд байдаггүй.
-Хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн үү. Дутагдаж байгаа зүйл байна уу?
-Энэ сарын 23-нд хөл хорио тогтоосон мэдээг сонсоод захаас хүнсний бүтээгдэхүүн авахаар гарсан. Гэтэл бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өссөн байсан. Иймд Хятадын засгийн газрын тогтоолоор 24-ний өдрөөс эхлэн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийг нэмж болохгүй гэдгийг анхааруулсан.
Хэрэв үнэ өсгөсөн тохиолдол гарвал хариуцлага хүлээлгэх болно гэдгийг хатуу анхааруулсан байна лээ. Тиймээс ханшийн хөөрөгдөл харьцангуй гайгүй болсон. Одоогийн байдлаар бидэнд дутагдаж гачигдах зүйл алга. Нэг зүйл нь гэнэт хөл хорио тогтоосон учир крантны ус хэрэглэж болохгүй байгаа. Тиймээс ундны усны хомсдолд орохоор байна.
-Та бүхэнтэй Монголын Элчин сайдын яамнаас холбогдсон уу. Нутаг буцаах асуудлаар ямар нэг зүйл ярьсан болов уу?
-Ерөнхийдөө Бээжин дэх Элчин сайдын яам болон консултай байнгын холбоотой байгаа. Хятадын талд оюутнуудаа татаж авах асуудлаар хүсэлт илгээж, хариу хүлээж байгаа гэсэн. Ирсэн даруйд бидэнд мэдэгдэнэ гэсэн болохоор хүлээлтийн байдалтай байна.
-Бусад орны оюутнуудыг Ухань хотоос гаргаж байна уу. Энэ талаар хэр мэдээлэлтэй байна вэ?
-Франц улс оюутнуудаа татаж авах эхний арга хэмжээг авч байгаа тухай дуулсан. Энэ нь хэрхэн хэрэгжсэн тухай сайн мэдэхгүй байна. Бусад улсын иргэдийн хувьд Ухань хотод маш олуулаа байгаа. Иймд иргэдээ эргүүлэн татахад хүндрэл үүсэж байгаа юм шиг байна лээ. Энд ажиллаж, амьдарч, сурч байгаа Солонгос улсын иргэн гэхэд 500-600 хүн байна гэсэн.
Тэр иргэн болгоныг татаж авахад хүндрэлтэй байдаг бололтой. Америк улс нэгдүгээр сарын 28-ны өдөр (өнөөдөр) Уханий онгоцны буудлаас нэг онгоцоо нисгэнэ гэж байсан. Өөр мэдээлэлгүй байна.
Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж унших боломжтой.