УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. Хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Орон нутгийн сонгуулийн хуулийн онцлог юу вэ?
-Энэ удаагийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль хэд хэдэн онцлогтой. Аймаг, орон нутгийн сонгуулийн нөхөн болон дахин санал хураалт явуулдаггүй байсан. Үүнд цэг тавьсан. Жил бүрийн зургадугаар сарын гурав дахь долоо хоногт нөхөн болон дахин сонгуулийн санал хураалтыг улс орон даяар явуулахаар боллоо.
Энэ удаагийн сонгууль ирцийн босгогүй сонгууль болж байна. Иргэд өөрсдөө хариуцлагатай оролцох ёстой. Сонгуулийн соёл тогтсон орнуудад ирцийн босго тавьдаггүй. Цагийн хуваарьт онцлог зохицуулалт оруулж ирсэн. Өглөө 07:00 цагт эхэлж, 20:00 цагаар санал хураалтыг дуусгавар болгохоор хуульчилсан. Ажиглагчид манай улсыг хамгийн орой сонгуулиа хаадаг улс гэдэг. Манайтай ойр нь Канад улс цагийн гурван бүсчлэлтэй. Орон нутгийн сонгууль намар орой болдог. Орой болохоор архи дарс тараах зэрэг бусармаг үзэгдэл байдаг. Орон нутгийн сонгуульд нэр дэвшихийг хүссэн төрийн захиргааны жинхэнэ албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчлөлтэй хуулийн этгээдийн захирал, дэд захирал, ТУЗ-ын дарга нар наймдугаар сарын нэгэнд ажлаа хүлээлгэж өгөхөөр хуульчилж байна. Энэ нь бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй явуулахтай холбоотой заалт.
-Орон нутгийг улс төрөөс ангид байлгах талаар ямар заалт орсон бол?
-Орон нутгийн сонгуулийг улс төрийн сонгууль гэдэг шинж чанараа гээх хэрэгтэй. Намуудыг нэр дэвшүүлэхийг хориглох, уул уурхайн бизнес эрхэлдэг компаниудаас нэр дэвшүүлэхгүй гэсэн асуудал орж ирж байсан. Цаашдаа энэ хувилбар хэрэгжих вэ?
-Хууль зөрчвөл ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Сонгуулийн дүн мэдээг будилаантуулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэж, төрийн албанд ажиллахыг гурван жил хүртэл хугацаагаар хориглоно.