Коронавирусын халдвар гарснаас хойш амны хаалтны эрэлт нэмэгдэж, хомсдол үүсгээд байгаа. Гэвч яг ямар амны хаалт энэ төрлийн халдвараас хамгаалж чадах вэ гэдэг нь эргэлзээ төрүүлсээр байна.
Халдвараас N95 амны хаалт л хамгаална гэж бизнес эрхлэгчид сурталчилж байгаа ч найдвартай хамгаалалт мөн гэдгийг эцсийн байдлаар тогтоосон зүйл алга. Тэгвэл Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд ямар амны хаалт коронавирусаас хамгаалж чадаж байна вэ гэдэг асуудлаар судалгаа хийжээ. Үүний тулд эхлээд коронавирусийн хэмжээ болон амны хаалтуудын шүүх чадварыг хэмжсэн байна.
Дэлхий нийтийг цочроогоод буй коронавирусын бүрдэл хэсгүүдийн диаметр нь дунджаар 0.125 микрон. Хамгийн жижиг нь 0.06 микрон бол том нь 0.14 микрон аж. Энэ нь РМ2.5 тоосонцроос ч жижиг хэмжээтэй гэсэн үг.
Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг амны хаалтуудыг 0.007 микрон буюу коронавирусээс 10 дахин бага хэмжээтэй тоосонцрыг хэр шүүж байгааг тодорхойлсон байна.
Туршилтын дүнд үйлдвэрийн зориулалттай 3М амны хаалт нь агаар дахь 0.007 микрон хүртэл хэмжээтэй тоосонцрыг 95 хувь шүүсэн бол мэс заслын зориулалттай буюу нэг удаагийн цэнхэр амны хаалт нь 80 хувь шүүж байжээ.
Өөрөөр хэлбэл, N95 болон нэг удаагийн амны хаалт нь шинэ коронавирусийн халдвараас хамгаалж чадах юм байна гэдэг тодорхойлолтод хүрчээ. Харин даавуун амны хаалт төдийлөн үр дүнтэй байж чадахгүйг туршилтын дүнгээс харж болохоор байна.