Ард иргэдийн эрүүл амьдралын төлөө ХААН Банк Сан, Хавдар судлалын үндэсний төв болон МҮОНРТ-ээс 6 дахь жилдээ хамтран хэрэгжүүлж буй \”Хавдрын эсрэг үндэсний аян”-ы орон нутаг дахь үзлэг оношилгоо Ховд аймагт үргэлжилж байна. Уг аяны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, ХСҮТ-ийн хавдар судлалын зөвлөх эмч Я.Эрдэнэ-очир, ХААН банкны Ховд дахь салбарын захирал Ч.Төрбат болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Ховд аймаг 80 гаруй мянган хүн амтайгаас 2016 оны хагас жилийн байдлаар хавдар судлалын хяналтанд 412 хүн байдаг бөгөөд шинээр 92 хавдар бүртгэгдсэн байна. Үүнээс үзэхэд 3 хүн тутмын 2 нь хожуу хорт хавдартайгаар оношлогдож байгаа юм. Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод буй хорт хавдартай тэмцэхэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийг үзлэгт хамруулах, эрт илрүүлэх, хорт хавдар үүсгэгч халдвараас сэргийлэх тухай хүн амын мэдлэгийг дээшлүүлэх нь ихээхэн ач холбогдолтой.
Иймээс \”ХААН Банк” Сан, Хавдар Судлалын Үндэсний Төв, МҮОНРТ хамтран иргэдэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх, эрт оношлохын ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор \”Хавдрын эсрэг үндэсний аян”-ийг сүүлийн 6 жил дараалан хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд монгол орныг тойрон 21 аймгийн 90 мянга орчим хүнд хавдрын үзлэг оношилгоо хийснээс Ховд аймагт 4 дэх жилдээ Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын баг ажиллаж байна. Аяны хүрээнд Хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын баг энэ сарын 5-аас 12-ныг дуустал БОЭТ-д ажиллах юм.
Ховд аймгийн хувьд хоол боловсруулах эрхтэний хавдар их байдгаас элэг, ходоод, улаан хоолойн хавдар зонхилж байгаа бөгөөд 2015 оны байдлаар энэ өвчний улмаас 121 хүн нас барсан тоон үзүүлэлт гарчээ. Хавдрын эсрэг үндэсний аяны хүрээнд хавдраас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зөвлөгөө мэдээллийг иргэдэд хүргэхийн зэрэгцээ орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд хорт хавдрын оношилгоо, эмчилгээний талаар сургалт зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд нийт 8 аймагт уг аяныг хэрэгжүүлж Ховд, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ аймгуудад ажиллаж, ард иргэдийг хавдрын нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулж байна.
khovd.gov.mn