Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомтоор орж ирсэн иргэн халуурсан гэх зовуурьтайгаар өчигдөр шөнө тусгаарлагдсан талаар өнөөдөр ЭМЯ-наас мэдээлсэн.
Тухайн иргэний биеийн байдлын талаар болон аймгийн хэмжээнд авах арга хэмжээний талаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр “28 настай эрэгтэй хүнийг тусгаарласан. 39 хэм хүртэл халуурсан, ханиалгах, хоолой сөөнгөтөх, амьсгаа түргэсэх гэсэн зовуурьтайгаар эмчилгээ хийлгэж байна. Шинжилгээний сорьцыг 02:00 цагт Улаанбаатар руу илгээсэн. Одоогоор Баянхонгор аймгийн нутагт явж байгаа.
Эхний шинжилгээний хариу эерэг эсвэл сөрөг гарсан ч давтан шинжилгээг авна. Давтан шинжилгээний хариу гартал хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагатай байгаа тул иргэдийг хүлээцтэй хандахыг хүсэж байна” гэлээ.
Цагаан нуурын боомтоор орж ирсэн хүмүүсийг тусгаарлаж буй бөгөөд аймгийн төв дээр дөрвөн сургуулийн дотуур байр, нэг зочид буудлын бэлэн байдлыг хангуулжээ. Ажиглалтын байр хүрэлцэхгүй бол аймгийн төвтэй хамгийн ойр байрлах сургуулиудын дотуур байрыг ашиглахаар болсон аж.