Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Монгол орныхоо баруун, зүүн хэсэгт байгаль хамгааллын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тусгай хамгаалалттай газар нутаг, ховор амьтан, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалалд анхаарал хандуулан ажилладаг билээ.
Тус байгууллага нь БОАЖЯ, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, Говийн Их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран Монгол орны говийн экосистемийн гол төлөөлөгч болдог хавтгай тэмээ, хулан, мазаалай, тахь, Монгол бөхөн, хар сүүлт гэсэн ховор зургаан амьтны онцлог, гайхамшгийг таниулах, \”Үндэсний бахархалт амьтад” болгох, энэ ажилд талуудын оролцоог хангах, татан оролцуулах зорилгоор \”Говийн 6” хэмээх арга хэмжээг есдүгээр сарын 15, 16-нд Говь-Алтай аймгийн нутаг дахь Тахийн талд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Арга хэмжээнд ан амьтныг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагууд, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Завхан аймгийн удирдлага, нутгийн иргэд, эрдэмтэн судлаач нар оролцож цаашид хэрхэн хамтарч \”Говийн 6”-г хамгаалах талаар зөвлөлдөх юм. Хамгааллын ажилд саад болж байгаа бэрхшээл, шийдэх арга замыг тодорхойлж, цаашид юу хийхээ тохиролцсон \”Тахийн талын тунхаг бичиг” гаргаж олон нийтэд танилцуулах аж.
khovd.gov.mn